БНСУ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ТҮРЭЭСИЙН БОЛОН АХМАДЫН ОРОН СУУЦ БАРИХААР БОЛЛОО

2018/08/30
БНСУ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ТҮРЭЭСИЙН БОЛОН АХМАДЫН ОРОН СУУЦ БАРИХААР БОЛЛОО

Улаанбаатар хотод ойрын 3 жилд 44,747 өрх орон сууц түрээслэх хэрэгцээтэй байна. Урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэд, залуу гэр бүлийг орон сууцжуулах хамгийн зөв гарц нь хямд төлбөртэй түрээсийн орон сууц.

Урт хугацаанд түрээсэлснийхээ үр дүнд орон сууцаа өөрийн болгох буюу өмчлөлдөө шилжүүлэх нөхцлийг бүрдүүлж өгснөөр урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй ч тогтмол орлоготой иргэд, ялангуяа залуу гэр бүл болон зорилтот бүлгийн иргэдийг орон сууцжуулах боломжтой.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн Засгийн Хөгжлийн Сан /EDCF/ -аас олгох хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтэд “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-иас 4 төсөл хамруулахаар санал хүргүүлээд байсан юм.

Эдгээр төслүүдээс Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын Материал орчимд хэрэгжих 1006 айлын “Түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэх төсөл”, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам орчимд хэрэгжүүлэх 2000 айлын “Түрээсийн болон ахмадын орон сууцыг хөгжүүлэх төсөл” дэмжигдэн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар боллоо.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Сөүл хотын иргэдийн төлөөлөгч, Хот Байгуулалт, Менежментийн хорооны дарга Ким Ин жэ, “Сөүлийн Орон Сууцны Корпораци”-ийн дарга Ким Сей Юн нарыг хүлээн авч уулзах үеэрээ энэ талаар онцлон дурдсан юм.

Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн зүгээс, түрээсийн орон сууцны олон талт хэлбэрийг нэвтрүүлэхийн тулд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадны байгууллагуудтай хамтран хямд өртөгтэй орон сууцны судалгаа, түрээсийн орон сууцны олон төрлийг хөгжүүлэх санхүүжилтийн механизмыг боловсруулах, Улаанбаатар хотод түрээсийн орон сууц барих эрх зүйн болон институцийн тогтолцоог боловсронгуй болгох, орон сууцны мэдээллийн санг боловсронгуй болгох, талуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийхээр ажиллаж байгаа аж.

Түрээсийн орон сууцны асуудалд нийслэлийн зүгээс ийнхүү анхаарал хандуулж байгаа бол Засгийн Газар хэрхэн ажиллаж байна вэ? 

"Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 1512 айлын орон сууц “Түрээсийн орон сууцны сан”-д шилжсэн нь 2015-2021 онд 20 мянган өрхийг түрээсийн орон сууцанд хамруулна гэж Засгийн Газрын хөтөлбөрт тусгасантай нь харьцуулахад хангалтгүй үр дүн юм.

“Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын, аймгуудад эхлүүлсэн 590 айлын орон сууцыг энэ онд ашиглалтанд оруулах, шинээр 660 айлын орон сууцыг барих замаар нийт 2222 айлын түрээсийн орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн талаар холбогдох албаныхан ярьсаар байна.

Олон улсын туршлагаас харахад:

-Зөвхөн түрээслэх

-Түрээсэлж байгаад өмчлөх

-Ямар нэгэн урьдчилгаа төлөхгүйгээр түрээсийн төлбөр дээрээ байрны үнийг шингээн төлөх байдлаар өмчлөх зэрэг хувилбаруудыг хэрэгжүүлж иргэдээ орон сууцжуулсан байна.

                                                                                                                                                             П.Болор

                                                                                                                                                                          

БНСУ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ТҮРЭЭСИЙН БОЛОН АХМАДЫН ОРОН СУУЦ БАРИХААР БОЛЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook