ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ ШАЛТГААН ЮУ ВЭ?

2018/07/10
ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ ШАЛТГААН ЮУ ВЭ?

Нийслэлийн төр захиргааны байгууллагыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармаг руу нүүлгэн шилжүүлэхээр болж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах зарим арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоол гарсан.  

Тогтоолын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг нийслэлийн төр захиргааны байгууллагыг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр рүү нүүлгэх эхний загварыг танилцууллаа.

Нийт 5.0 га хэмжээтэй талбайн 0.9 га газрыг барилгажуулах бөгөөд захиргааны нийт 5 блок барилга барихаар төлөвлөжээ. 

Эдгээр барилгад Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, НИТХ-ын байр, хурлын заал, үйлчилгээний нэгдсэн төв, спорт танхим, харъяа агентлагууд байрлах аж.

“Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг хийлгэхээр “Эм Зэт Жэй”, “Талст ширээт”, “Темпланд” ХХК-иудад урилга хүргүүлсэн. “Темпланд” ХХК урилгыг хүлээн авч, хамтран ажиллах саналаа ирүүлсэн” гэдэг тайлбарыг ажлын хэсгээс өгч байгаа юм.

Урилга хүлээн авч гүйцэтгэгчээр ажиллаж буй “Темпланд” компанийн талаар мэдээлэл төдийлөн олдсонгүй. Харин Арцатын аманд үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтгаанаар Газрын тухай хуульд заасны дагуу газрын зөвшөөрлийг нь цуцалсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийн жагсаалтад “Темпланд” гэх нэр оржээ.

Ихээхэн үнийн дүн бүхий ажил үйлчилгээг ямар ч тендергүйгээр авч чадсан энэ компани ямар ар талтай юм болоо гэсэн хардлага олон хүнд төрж байна. Энэ талаар эргэн сурвалжлах болно. 

Хотын захиргааг Ханын Материал руу нүүлгэхээр төлөвлөж байсан хотын дарга асан Э.Бат-Үүл, Яармаг руу нүүлгэхээр ажиллаж буй С.Батболд нар өөрсдийн шийдвэрээ ингэж хамгаалж байгаа юм.

 Хотын дарга асан Э.Бат-Үүл:

Сонгинохайрхан дүүргийн Ханын Материалд байгуулах гэж байсан хотын захиргааг Нүхтийн ам руу /Яармаг орчим/ нүүлгэнэ гэж байгаа чинь зориуд тэр газрыг үнэтэй болгох гэж хийгээд байна. 

Дарга нар нь арын хаалгаар баахан газар авчихсан. Тэнд нь дарга нар орон сууц барина. Тэрнийг зарахад нь хот маркетинкийн дэмжлэг үзүүлэх гэж байна. 

Яалаа гэж ингэж байгаа юм бэ. Хашааны газрыг өдөр тутам үнэгүйдүүлж байна, болохгүй. 

Нүхтийн аманд баахан арын хаалгатай улсууд газар авчихсан байгаа. Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна".

 Хотын дарга С.Батболд:

"Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлнэ. Учир нь, тухайн газар нь хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, Яармагийн гүүр шинээр баригдаж байгаа зэрэг боломжууд ихтэй.
Хотын захиргааг Ханын Материал руу нүүлгэхээр барилгыг 132 сая долларын концессын гэрээгээр Унгарын компаниар бариулах ажил яригдаж байсан. Концессын гэрээ нь хүчингүй болсон. Баянхошуу дэд төвийг хөгжүүлнэ. Хотын захиргааг барихаар төлөвлөсөн байсан газарт орлогод нийцсэн орон сууц барихаар НОСК ажиллаж байна. Энэ жил тус дэд төвийн дэд бүтцэд гурван тэрбум төгрөгийг гаргаад Ханын Материалын эцэс Баянхошуу орчмыг орон сууцны хороолол болгоно. Нүүх дуртайдаа эсвэл шинэ байранд орох гээд байгаадаа биш хот өөрөө үлгэрлэж хотын төвөөс нүүж болдог юм байна, захиргааны байгууллага нь гарч болдог юм байна гэдгийг төрийн захиргааны байгууллагууд болон бусад газруудад харуулахыг зорьж байгаа юм.

   
                                                                                                                                                  П.Болор

                                                                                                                                                                   
ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ ШАЛТГААН ЮУ ВЭ?  
Тэнхлэг зууч ХХК - Facebook